Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн сурагчдын сурах идэвх сонирхол буурч, хичээл сургуульдаа явахгүй байсаар сургуулиасаа завсардаж улмаар гэмт хэрэгт холбогдон, амьдралын идэвхгүй болон хувирч мэргэжил эзэмшиж чадахгүй байх явдал нэлээд гарч байна. Энэ нь өөртөө итгэлгүй, бие даах чадваргүй хүн бий болж монголын ирээдүй болсон иргэдийн амьдралыг үзэх үзэл гутранги байдалд орсоор байна. Юуны өмнө хүүхэд яагаад сурах дургүй байна вэ? Үүнд хэн буруутай вэ? Монголын ирээдүйг хэн авч явах вэ? гээд олон асуулт гарч ирнэ. Энэ бүгдийг нэг талаас эцэг эх, нөгөө талаас сургууль, багш, цаашлаад боловсрол хариуцсан эрхмүүдтэй холбон үзэж болох юм. Эцэг эх үр хүүхдээ ядаж бүрэн дунд боловсрол эзэмшүүлчих санаатай зүтгэнэ. Харин зарим нь хүүхдээ аль сургуульд,хэддүгээр ангид сурдаг талаар огт мэдэхгүйгээр барахгүй хаана юу хийж явааг нь ч хайхардаггүй бололтой. Анх сургуульд ороход нь нэг үзэгдэнэ.тэгээд царайгаа харуулна гэж үгүй.уриад, дуудаад ч ирэхгүй. Хүүхэд нь хичээлдээ ирээгүй тухай эцэг эхээс лавлаж асуувал “мэдэхгүй, өглөөдөө цүнхээ үүрээд гардаг, орой л орж ирдэг гэж тоосон шинжгүй хариулна. Иймэрхүү үзэгдэл захын сургуулийн ямарч багшид өдөр бүр тохиолдоно. Хичээлдээ хожимдож таслан байж хаяа нэг ирж суухдаа тэд хичээлийн ямар ч бэлтгэлгүй ирж, дэмий баахан үймүүлээд, бусдадаа саад болно, бас багшийн уурыг барна. Дургүйд хүчгүй гэгчээр багшийн зааж байгаа хичээлийг хичнээн хараад, сонсоод ойлгоно гэж ер үгүй чихний нь хажуугаар өнгөрнө. Хичээл тараад харин тэдэнд хийх ажил мундахгүй их, Кино, рс гээд, зав чөлөө багатай болно. Тэгээд шөнийн бор хоногтоо гэрийн бараа харж, эцэг эх нь үр хүүхэдтэйгээ , үр хүүхэд нь ээж аавтайгаа сая мэдэж, бор ходоодоо борлуулж аваад унтана. Сургуулийн хандив, ангийн хуримтлал, засварын мөнгө, сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, гээд мөнгөний асуудал тэдэнд бас дарамт болно. Мөнгөө өгч чадахгүй болохоор багшаасаа эмээнэ, нөхдөөсөө зовно, эцэг эхээ ч шаналгана. Болохгүй бол хичээлээ тасална. Энэ нь хичээлд дургүй болох бас нэг шалтгаан болно. Сурах үүрэг, зорилгоо нэг сайн ойлгохгүй явсаар нэг л мэдэхэд тэд 11-р ангиа төгсөх болж сургууль, эцэг эх, багш , хүүхэд гээд бүгдээрээ хөдөлгөөнд орно. Дургүй хичээл ч гэж үгүй болно, цаг зав ч бага болдог. Таны хүүхэд ирээдүйд сайн хүн болон хүмүүжиж, эх орондоо ихийг бүтээж, ээж ааваа баярлуулж явах нь гагцхүү өнөөдөр та хүүхдэдээ ямар анхаарал халамж тавьж байгаагаас шалтгаална. Нөгөө талаар сургуулиуд хүүхдийн сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чаддаггүй, нэг багшид оногдох хүүхдийн тоо олон, сандал ширээний хүрэлцээ муу, хичээлийн хэрэглэгдэхүүн,техник хэрэгсэл дутмаг байдаг. Багшид хичээлд хэрэглэх үзүүлэн, тараах материал байдаггүй, түүнийг хийхэд зарцуулсан цагийн мөнгийг нь олгодоггүй учир ихэнхдээ тэд сурах бичиг, шохой хоёроор л хичээл зааж байна. Гэтэл хүүхдийн мэдэх, сурах хүсэл, сонирхол нь, хязгааргүй болсон өнөө үед зөвхөн самбар, шохой төдийхнөөр хүүхдэд мэдлэг олгоно гэдэг асуудал аль хэдийн ард хоцорсон цаг. Хүүхдийг албадлагаар биш харин өөрийн эрхгүй сурах сэдэл тэмүүллийг нь төрүүлэхүйц тохилог сургууль,чадварлаг багш, чанартай сурах бичиг, хэрэгсэл нэн тэргүүнд шаардлагатай байна. Энэ бүгдийг шийдвэрлэхэд төрийн бодлого чухал байна.